Tuesday, December 6, 2011

Металлургийн үндэс

Металлургийн үндэс
Өнөө үед аж үйлдвэрийн салбарт метал оролцоогүй зүйл гэж байхгүй. Ийм ч учраас “Метал аж үйлдвэрийн талх мөн” гэсэн байдаг билээ. Машин үйлдвэрлэл, тээвэр, суурь машин, үйлдвэрлэл, эрчим хүч, барилга, сансар судлал, геологи, геодези гэх мэт ер нь бүх салбарт металыг өргөн ашигласаар байна.
Металургийн процесс
            Үйлдвэрийн аргаар гарган авахад эдийн засгийн ашиг өгөхүйц хэмжээний метал агуулсан байгалийн минерал буюу уулын чулуулгийг хүдэр гэнэ. Өнгөт металын зарим хүдэр нэг бус нэлээд хэд хэдэн металыг агуулах бөгөөд түүнийг полиметалын хүдэр гэнэ. 45%-иас дээш төмөр агуулсан хүдрийг баялагтайд тооцдог байхад өнгөт металын хүдэрт метал маш бага агуулагддаг тул 2%-ийн метал агуулсан хүдрийг их агуулгатайд тооцдог.
Хүдэр буюу өгөгдсөн бусад материалаас метал буюу хайлшийг гаргаж авахад металургийн зорилго оршино. Иймд хүдрээс метал гарган авах үйлдвэрлэлийг металурги гэнэ. Үүнд доорхи аргууд байдаг:
  1. Пирометалурги нь хүдрийг хайлуулж, түүнээс шингэн төлөв байдалтай метал гарган авахад үндэслэгдсэн хамгийн өргөн хэрэглэгддэг арга юм. Ширэм, зэс зэрэг метал гарган авахад ашиглагдана.
  2. Гидрометалурги нь хүдрээс металыг уусгагчид уусгасны дараа тэднийг электролиз буюу химийн аргаар тунгааж ялгаруулахад үндэслэгддэг арга юм. Исэлдмэл баялаг багатай хүдрээс зэс, өндөр үнэтэй метал гарган авахад хэрэглэгдэнэ.
  3. Цахилгаан металурги нь цахилгаан зууханд хүдэр буюу метал хайлуулах, эсвэл давсны уусмалд электролизыг хэрэглэнэ. Цахилгаан эрчим хүч хямдтай орнуудад энэ аргыг өргөн хэрэглэдэг.
  4. Хими металурги нь титан, ванади, циркони, ниоби зэрэг ховор элементүүдийг ислээс нь сэлбэж авахад зориулагдана.
  5. Дээр дурьдсан үндсэн аргуудаас гадна метал ба хайлшийг гарган авах нунтаг металурги, электрон туяаны ба плазмын хайлуулалт, ган гарган авах доменгүй арга, ган хайлуулах тасралтгүй процессууд зэрэг дэвшилтэт аргууд байдаг.

No comments:

Post a Comment